Миний нээсэн эх орон . эссэ


Миний багын төсөөллөөр эх орон бол тэнгэр, толгод хоёр байжээ. Эдүгээ он жил улирч, сайхан юм бүхэнд эх орон шингэсэн гэж би итгэдэг боллоо. Зөрж буй сайхан бүсгүйд эх орны нуугдмал дүр бий бөгөөд, түүний хэвлийд хөдөлж эхэлсэн хүүхэд одод ертөнцтэй холбоотой, салхи шуургыг мэдэрч буй гэдэгт үл эргэлзэнэ. Сансрын хураангуйлсан биет бүсгүй хүний хэвлийд торниж буй нялх үр оддын тохиоллоор бүтэн бүрэлдэхийн ид хавийг эдэлж, эхийн нь алхаанд цаг мөч агшин хэмжигдэхүй, хожмын өдөр хоёр хөл дээрээ бат зогсож, хязгааргүй орон зайн нээлтэй уудамд од мичид анивчихыг ширтэх хөвгүүнийг нь би миний болоод хүн төрөлхтний үр гэж мэдмүү!  Хэвлийдээ нялх үр тээсэн бүсгүй алхаж явна. Түүнд эх орон оршиж буй гэм үү.

Миний өмнө зулзган улиас навчсаа сэрчигнүүлэн найгалзана. Энэ модонд ч эх орон оршиж буй агаад, навчис бүхэн нь намайг эх орны нүдээр харж байна. Бүх хүнд оршиж буй тэнгэрлэг хүчийг эх орон гэмүү. Хүн төрөлхтний мөрөөдөл дүрслэлийн хамгийн гэрэлт дүр нь Эх орон байлаа. Түүнд л хамаг сайн сайхнаа шингээн бодож, хүслээрээ энэрэнгүй их үнэнийг бий болгон, түүндээ тэмүүлж, тэмүүлэл нь хүнийг бурханлиг болгодог байв.

Алтан-Овоо бол үнэхээр амилсан уул юм. Энэ уулыг хүн ард хэдэн зуун жил дараалан хайрлан биширч, тэрхүү олон зуун мянган хүний бодол санаа нэгэн цэг-энэ уул дээр төвлөрөн, хүн бүхний итгэп, хүсэл түүнд шингэж, ийнхүү энгийн нэг уулнаас Эх орноо хайрлах хайр болтлоо бэлтгэгджээ. Євөг дээдэс минь дэмий ч нэг энэ уулыг тахиж шүтээгүй ээ!
Тэд нэг л юманд хайраа шингээх ёстой байсан юм! Бидэнд ирэх ёстой тэр мөнх хайрын бэлгэдэл нь Дарьгангын Алтан-Овоо буюу.

Тэгээд би үеийн үед хүний итгэл, нууц хүслэн шингэсэн уулыг харах бүр гурван зуун жилийн өмнө өвгийн өвөг минь энэ уулыг яг л над шиг ширтэн зогссондоо гэж бодном. Үүнээс үүдэн би энэ уулыг хайрлан биширсэн юм. Євөг дээдэс минь энэ уулаар дамжин надтай уулзах гэсэн байжээ. Гурван зуун жилийн адагт энэ ууланд ирэх үр сад минь бас л миний адил Алтан-Овоог ширтэхүй дор, би орчлонд амьдарч яваагаа түүгээр дамжин мэдэрнэм. Ийнхүү Алтан-Овоо бол бодлын шидээр бүтсэн уул тул биширч болох амуй. Бишрэн хайрлаж болох тул үнэн мөн гэм үү. Юуг шүтэж эхлэнэ, тэнд хайр оршино. Хаана хайр оршино, Тэнд сайхан санаа, сайн үйл зэрэгцэнэ. Эмэг эхийн яриаг өгүүлмүү:

Эрт цагт нэгэн банди Баруун зууд эрдэм сурахаар одохуй доор, төрүүлж өсгөсөн эх нь Цагаан дарь эх бурхан бүтээлгэж ирэхийг захижээ. Хүү чанад нутагт ном гүйцээгээд эргэх цагтаа эхийн захиасыг умартан, гагцхүү гэрийн гадаа ирсэн доор гэв гэнэт санав. Буцъя гэвч хожимджээ. Эхийн хүслийг эс гүйцэтгэсэн тул нүүр учрах хэцүү, ийн олбиргон бодолд автан газар ширттэл бөөрөнхий цагаан чулуу үзэгдэв.

Хүүгийн дотор нэгэн бодол гялсхийх зуур нөгөөх чулууг яаран шүүрч, хив хадагт сайтар ороогоод өвөртлөв. Ингээд уулзасны эцэст эхийн захиасыг биеүүлэв хэмээн хуурч, нөгөөх хадагт боолттой чулууг өгчээ. <<Ээж минь үүнийг хэзээ ч задалж үл болно>> хэмээн хатуу захив.
Эх нь нутгийн тэр чулууг насан эцэс болтол бурхан гэж итгэн тахисаар нэгэн өдөр ертөнцийн жам ёс тулж ирэв. Эх өгүүлрүүн:

Хүү минь, бурхандаа үнэн сэтгэлээсээ дөчин жил сүсэглэн мөргөв өө! Ямагт буяны мөр хөөж, хүсэл бүхнээ бурхандаа даатгалаа.
Єнөө амьдын хорвоогоос одох цаг ирэв. Бурхнаа л нэг үзвэл сэтгэл гүйцмүй! гэжээ.
Хүү яах аргаа эс олж, удтал дуугүй зогсож, эцэст нь үнэнээ хэлэхээр шийдэв ээ!...
За яах вэ, чулуу ч болсон үзье дээ, нэгэнт дөчин жил бурхан гэж итгэж өдөр бодолдоо, шөнө зүүдэндээ үзэн тахисан учир харахгүй хагацаж үл чадна гэв.
Хүү гүнээ гэмшин хадгаар ороосноо задалбаас тэнд чулуу бус, шижир алтаар бүтээсэн Цагаан дар эх бурхан өнгө үзэсгэлэн төгс гялалзаж байв. Үүний учрыг тайлах нь:

Бодолдоо үнэнхүү итгэж, бүхий л оюун санааны хүчээ нэгэн цэгт төвлөрүүлэн сэтгэж чадсанд оршмуу. Тэгж чадваас эс бүтэх юм нэгээхэн ч үгүй билээ.
Би, нүүж яваа үүлсийн сүүдэр доор ганцаардан ахуйдаа эх орноо дуудмуу. Тэр залбиран хүлээх эх орон минь Итгэл билээ. Тэрхүү итгэлийн хүчээр би бие, сэтгэл, оюун бодлоо ариусгаж цэвэрших болно.

Эх орныхоо гоо сайхны оргилд хүрэх зам маань байгаль ээж буюу. Байгалд хүрэх зам маань дотоод сэтгэлийн дээд зэргийн ариутгал буюу. Оюун санааны дээд үнэнд хүрэх замыг зөв үйл, зөв сэтгэлээр засмуу.
Аугаа их Сүхбаатар, Занабазар, Нацагдоржийг төрүүлэх бэлтгэл мянга мянган жилийн турш үргэлжилсэн ажгуу. Хэрвээ хүнд авьяас билиг буй аваас түүгээр бардах юун. Тэр нь түүнийх бус бөгөөд, түүгээр дамжуулан эх орон минь бусдад үйлчлэх шат буюу.

0 comments: